Адуун сүргийн дөрвөн улирлын маллагаа

2012 оны 3-р сарын 27, Мягмар гариг, 16:58 администратор
Хэвлэх PDF

Адуун сүргийн дөрвөн улирлын маллагаа

Адуун сүргийн намрын маллагаа

Адуучин хүн адууныхаа намар цагийн нутгийг сайн бодож усандаа ойровтор газрыг сонгох нь зүйтэй. Адуугаа бартаа, намаг багатай нам дор газрын зөөлөн хөрстэй, сөл аажим татрах соргог сэрмүүн, сахлаг өвстэй, усандаа дөт бэлчээрт маллавал зохино. Намрын адууг хэт бөөгнүүлэх, ширүүн тууж хөлөргөхийг хориглоно. Зөөлөн аяар нь ус руу залж орхиод зөнгөөр нь усалвал нэн сайн. Намаршиж ногоо гандах үед саалийн гүүний нутаг бэлчээрийг ойр ойрхон сольж байх хэрэгтэй. Ингэж бэлчээр ус сольж байхгүй бол гүү, унага шарлаж, давжаа дорой болдог гэм  бий. Энэ үес адууг ерөнхийдөө нам дор газрын талдуу бэл газар түшүүлнэ. Эс тэгвээс адууны хүч тарга нь хайлах муу нөлөөтэй байдаг. Намар цагийн адууг 14 хоногоос дээш хугацаанд хужирлаж байх. Хэрвээ хужир ихтэй усанд услаад байвал өөх нь хайлдаг. Цэнгэг сайн усанд өдөрт 2 удаа уславал авсан хүч тарга нь тогтож сайн байдаг. Адууг ширүүн тууж хөлөргөвөл тарга хүч нь  хайлна. Ер нь ногоо хатсанаас хойш их туугдсан адуу улддаг гэмтэй. Гүүг зун бариад дараа нь нэг сар орчим тавьж тарга хүчийг авахуулбал хүч нь бөхжиж намар орой болтол барихад сайн байдаг. Ер нь гүүг эрт тавьж байвал сайн. Уяж уралдуулах унагыг зэлэнд барих муу. Намар цагийн адууг усаар дутагдуулбал хавар гүү унагалахдаа бэрхэлдэж үхэх уршигтай. Адуучин хүн дөрвөн улирлын эргэлтэнд унах морьдоо шинжин сонгож, зөв унаж эдлэж байвал зохино.

Адуун сүргийн өвлийн маллагаа

Өвлийн улиралд идэш сайтай, цастай бэлчээрт зөнгөөр нь маллавал хүч нь тогтох нь сайн. Адуучин хүн адуун дээрээ ойртож очихдоо зөөлөн сажилж очвол, адуу үргэж цочих нь бага тул тогтвороор сайн байдаг. Харин ширүүн хөөж туувал адуу чинь тогтвор муутайгаас гадна хээл хаях, хүч тарга буурах муу талтай. Эдгээр дурдсан маллагаа бол чоно багатай болон говь хээрийн бүсийн маллагаа юм.

Хангай нутгийн чоно ихтэй газрын адуучид адуугаа хоньчлон хариулж, үдшийн бүрэнхийд салхины дээр утаа тавьж, мөн үүрийн бүрэнхийд ялгаагүй зогсоож, хамгийн өвс цас ихтэй бэлчээрт маллавал сайн. Нутгийг олон сэлгэж байвал бүр ашигтай. Өвлийн цасгүй үед хужиртай зөөлөн усанд услаж байвал зохино. Өвөл цагт унах морьд зун намарт унаагүй тарган морьд байдаг. Харин 5-6 удаа зөөлөн эдэлгээгээр унахад хор нь гарч уналга эдэлгээнд сайн байдаг. Өвлийн улиралд адууг хужирт 7-10 хоногт 1 удаа оруулж байвал адуу хүчээ алдахгүйгээр үл барам дулаацаж байдаг. Азарга тавих үрээнд өвөл гүү хураалгавал морь хасдаггүй сайн талтай.

Адуун сүргийн хаврын маллагаа

Адууны хаврын бэлчээр нь салхи шамарганаас халхлагдсан нөмөр сайтай, соргог сэрмүүн өвстэй, зөөлөн хөрстэй нутаг байвал сайн. Өдөр болгон сайн усалж, ойр ойрхон хужирлаж байвал зүгээр. Ер нь нөмөр нам дор газар нь хаврын салхинаас хамгаалах нь илүү  байдаг. Хавар адууг агь өвстэй газар  маллах хэрэгтэй. Гүү унагалах үед адуугаа манах юм уу өглөө эрт мордох нь чухал. Хөгшин болон байдсан гүүнүүдэд бүр анхаарах хэрэгтэй. Хангай газрын адуучид бол гүүнээс гар салгаж болохгүй, хашаанд дөхүүлж байгаад унага авбал сайн байдаг. Ер нь адууг аль болохоор зөөлөн тууж зөнгөөр нь байлгана. Унагалсан гүүг 14 хоноод өөр азарганд тавьж болох, харин зарим азарга өөрийнхөө үр биш унагыг барьдаг талтай, үүнийг их анхаарч үзэх  нь зүйтэй. Адуугаа эрт ногоолуулж ногоонд цатгах нь чухал. Хавар адуугаа маллах морийг өвөл бэлдэнэ. Өвөл тарган морийг 4-5 удаа унаж хорыг сайн гаргаж, хавар цагт унаж адууг маллана. Намар  унасан морь өвөл нь сайхан болж ордог. Хор нь гараагүй морьд жилбэн өвчин олох тул ямар ч морины эмээлийг авахдаа 3-5 удаа сэвж авах нь зүйтэй.

Адуун сүргийн зуны маллагаа

Эрт ногоо гарсан, бэлчээрийн өвс ногоо нь хүртээмжэй нутагт асуу сайн тарга авна. Хужиртаа ойр байвал зохино.

Ногоонд гүйцэд цадсаны дараа хөөж хөлөргөх нь үсний уганд шигдсэн хаг, шороо тоосыг арилгаж, шар үсний нүхийг онгойлгоно. Энэ нь бодисын солилцоог сайжруулж, таргалж тэвээрэхийг түргэсгэнэ.

Зуны халуун цагт зөөлөн хөрстэй, ундармал задгай устай, сэрүүвтэр өндөр газрыг сонгож нутаглана.

Ер нь аль болохоор эрт махан тарга авахуулахын тулд зун цагт урсгал усанд сайн услах шаардлагатай. Үүнээс нөлөөлж зуны сүүл сар, намрын сард тарга хүч авах нь сайн гэдэг. Адуу ногоо хөөгөөд явамтгай байх учраас бэлчээрт гарсан хойно нь тогтуун байлгаж, сайн хужирлаж байх хэрэгтэй.

Хүлгийн гоёо

Эрдэнэт хүлгээ дээдлэн хүндэлдэг монголчууд морио гоёж гоодохыг ихэд чухалчилна. Мориныхоо хэлбэр, хийцийг сайжруулахаар дэлийг нь олон янзаар засч гоёдог. Жижиг гөхөлтэй хур дэлгүйг суман хяргалт, гөхөлгүй хяргалтыг бухандай гэнэ.

Гудуу суман гэж жижиг нөхөлтэй хойд мундаан дээрээ дарж урд аман хүзүүн дээр нь овгордуу сойлгогүй засахыг хэлнэ.

Саран хотгор гэж мундаан дээрээ бага овгор, аман хүзүүн дээр нь овгор сойлгогүй жижиг гөхөлтэй хяргахыг хэлнэ.

Мөн гөхөлийг уртаар нь үлдээж дэлийг тэгш суман засалтаар хяргаж засдаг газар ч бий.

Монголчууд адуун сүргийн манлай азарганыхаа дэлийг авдаггүй. Уралдах үед нь гөхөл сүүлийг боох ба хагалбар дэлтэй азарганы дэлний хоёр талд нь сүлжвэл хүүхдийн гар орооцолдох, салхинд хүүхдийн нүүр шавхрахаас хамгаалдаг.

Монголчуудын мориныхоо сүүлийг боож уяж уралдуулдаг нь их эртний уламжлалтай болох нь VII зууны Кидан улсын үеийн зураач Бэсүдэний зургаас үзэхэд тодорхой. Энэ ёс нь даруй 1200 орчим жилийн өмнө байсан байна.

Энэ зууны эхэн үеийн гар зурагт азарганы дэлийг одоогийн зогсооны боолт мэт олон үелж боодог байжээ.

Ардын хувьсгалын анхны наадмуудад уралдаж байсан морьдын зурагнаас ажихад морьд ихэвчлэн засмал дэлтэй харагддаг. Эдүгээ монгол орны төв халх, зүүн болон зүүн урдах аймгууд морины дэлийг нэлээн сайхан гоёмсог засдаг. Харин баруун болон баруун хойд аймгууд хуучин засалтаар их гөхөл их сойлго тавьж хяргадаг.

Сүүлний боолтыг ясан сүүлний үзүүрээс 3-5 хуруу тавьж бооно. Сүүлний боолтыг 1 метр орчим боолтоор нар зөв эргүүлж боолтны үеийг сондгой тоогоор төгсгөнө.

Гөхөлний боолтыг дэлний өмгөн шингэнийг харгалзаж 20-30 см боолтоор сондгой тоотойгоор үелж бооно.